Tuesday, 1 April 2008

Шенгенийн шинэ орнууд үүдээ нээлээ

www.mongolnews.mn

Шенгенийн бүсэд саяхан нэгдсэн найман орны хил дээр паспорт, гаалийн хяналтыг 2008 оны гуравдугаар сарын 30-наас цуцаллаа.

Франс пресс мэдээлснээр, тус бүсийн орнуудын иргэдэд Польш, Чех, Эстони, Латви, Литва, Унгар, Словак, Словени тийнхүү үүдээ цэлийтэл нээжээ. Хил нээгдсэнээр зорчигчдын урсгал өмнөхөөс нэмэгдэх нь тодорхой. Эл байдлаас шалтгаалан агаарын харилцаанд хүндрэл бий болгохгүйн тулд бүсийн шинэ орнууд одоо ажиллаж байгаа нисэх онгоцны буудлуудаа өргөтгөн, зорчигчдын хүлээлгийн танхим нэмж барьжээ.

Үүний хажуугаар Шенгенийн бүсэд мөрддөг стандартын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай хэсгийг нисэх онгоцны бүх буудалд гарган, зохих тоног төхөөрөмжөөр тоноглосон байна. Дээрх найман улсын Шенгенд нэгдэх үйл явц үүгээр бүрэн хэрэгжиж дууслаа гэж хэлж болно. Эхний шатанд тэд Шенгенийн бүсийн оршин суугчид болон Шенгенийн виз эзэмшигчдэд өөрийн нутгаар дамжин өнгөрөх боломж олгосон юм. Улмаар 2007 оны арванхоёрдугаар сард тэнгисийн болон хуурай замын бүх хилээ үндсэнд нь нээсэн.

Шенгенд өдгөө Европын холбооны ам бүлд багтдаг 22 улс, тус холбооны гишүүн бус хоёр орон /Исланд, Норвеги/ нэгдээд байна. Европын холбооны гишүүн таван улс одоогоор Шенгенд багтаагүй байгаа. Эдгээр нь Их Британи, Ирланд, Кипр, Болгар, Румын юм. Шенгенийн бүс нь 1985 онд Бельги, Нидерланд, Люксембург, Герман улсын төлөөлөгчдийн уулзалт болсон Люксембургийн суурингаар овоглодог. Уг уулзалтаар Европын холбооны хэд хэдэн орны дунд паспортын болон гаалийн хяналтыг цуцлах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.

No comments:

Olympic game in Bejing 2008