www.news.mn
Чех улсаас манай улсад суугаа ЭСЯ-ны хэргийг хамаарагч, Консул Давид Хроущекийн мэдэгдсэнээр монголчёууд өөрсдөө их асуудал үүсгэдэг гэнэ. Гадаад явах хүсэлд автсан манайхан сүүлийн үед Чехийн ЭСЯ-ны гадаа хонон өнжин дугаарлах болсон. Консул Дэвид яамныхаа баримталж байгаа бодлого, визний асуудлаар танилцуулаад сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариуллаа.
-Манай улсын олон иргэн виз авч чадахгүй байсаар урилгынх нь хугацаа дуусаад их хэмжээний мөнгөөр хохирч байна. Энэ асуудлыг манай иргэдэд хохиролгүйгээр шийдэх ямах арга байна вэ?
-Манай ЭСЯ урт ба богино гэсэн хоёр төрлийн виз олгодог. Хугацаа нь дууслаа гэсэн гомдол гаргаж манайд олон хүмүүс хандаж байна. Манай ЭСЯ өөрийн гэсэн дүрэм журамтай болохоор түүнийгээ нарийн баримталдаг. Ийм хүмүүс санхүүгийн болооод цаг хугацаагаа их алдаж байгааг би ойлгож байна. Чехэд итгэмжлэдсэн хүндээ урилгаа өгөөд сунгуулж болдог юм. Зөвхөн энэ хүмүүсийн эрх ашигт нийцүүлэн дүрэм журмаа өөрчилнө гэж байхгүй.
-Танай ЭСЯ-ны гадуур байгаа хүмүүс их мөнгө төлсөн гэж ярьж байсан. Ер нь танайх визний төлбөрт хэдэн төгрөг авдаг вэ. Өдөрт хэдэн хүн хүлээж авдаг вэ?
-Хашааны гадна болж байгаа асуудлыг танай цагдаа болон бусад хариуцсан байгууллага шийднэ. Манай ЭСЯ-ны Дипломат ажилтаны хэлсэн үг л үнэн шүү. Манай төлбөр ямар виз авах хүсэлтэй байгаагаас шалтгаалж өөр байдаг. Ажлын виз 150 ам.доллар. Бусад нь ямар үнэтэй байгаа тухай манай вэб хуудас болон гаднах самбараас дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Нэг зүйлийг хэлэхэд манайхан аль болох хүссэн хүн бүхэнд виз олгох бодлого барьдаг. Бид долоо хоногтоо 80-100 хүн хүлээж авдаг.
-Танай ЭСЯ-ны гадаа очоод ажиглаж байхад хаалттай, хүссэн хүн мэдээлэл авах боломж их бага юм шиг санагдсан. Түүнээс гадна танай яамны хэсэг хүмүүс манай иргэдээс мөнгө авсан тухай яригдаж байсан. Энэ үнэн үү?
- Хаалттай гэдэгтэй би санал нийлэхгүй байна. Манайх хуваарийнхаа дагуу хүмүүс хүлээн авч уулздаг. ЭСЯ-ны хаягаар бүх мэдээлэл авч болно.Ер нь манай дэг журмыг барихгүй Монголчууд өөрсдөө их асуудал үүсгэдэг. Дуудсан өдрөө ирэхгүй маргааш нь орох гэдгээс гадна нэрээ хийдэг хайрцаг руу олон удаа нэг нэрээ хийж бидэнд их чирэгдэл болгодог. Манай яамны ажилтнууд Монголчуудаас мөнгө авсан гэсэн мэдээлэл нэг ч гараагүй. Хэрвээ ийм асуудалд холбогдох юм бол бид ажлын гэрээгээ цуцалж цагдаад хандах болно.
Манай улсаас Чех улсад дөрвөөс таван мянган иргэн ажиллаж амьдардаг аж. Тэд Чехийн хөдөлмөрийн хуулийн дагуу өдөрт найман цаг хагас ажиллаад дунджаар 24 евро авдаг гэнэ. Хөнгөн үйлдвэр, оёдол, арьс ширний үйлдвэрээс гадна сүүлийн үед манай иргэд хөдөө аж ахуйн салбарт ажиллах болжээ. Чехийн ЭСЯ цаашдаа манай улын НХХЯ-наас санал болгосны дагуу Гадаадад ажиллах хүч илгээх төвтэй хамтарч ажиллах бодолтой байгаа гэдгээ хэллээ.
No comments:
Post a Comment